Close

Сээр нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэх

Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон.

  1. Чийг хүйтнээр нуруу өвдөх: Нуруунаас даарсанаас үүдэлтэй буюу бороо хүйтэн салхинд цохиулсан.
  2. Цусны тамир муудсанаас, биеийн хүчний ажил их хийсэн,ядарсан, архаг хууч өвчинөөр өвчилсөн / гэмтэл, муруйлт, хавдар/
  3. Бөөрний тамир муудсанаас, нуруу өвдөх

Зарим өвчний шинж тэмдэг нурууны өвчинтэй андуурахаар адил өвдөлт илэрдэг тохиолдол байна.

  • Нуруу, нугасны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд  эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нурууны өвдөлтийг бага дээр нь эмчлээгүйгээс болдог. Жишээлбэл, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдөхөөс гадна толгой өвдөх, эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг.
  • Нуруу, цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаа , бүсэлхий орчмын нугалмын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг. Тухайл¬бал цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.
  • Радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрч болдог гэдгийг анхаарахад илүүдэхгүй.
  • Нуруугаар өвддөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам   хоорондын зөөлөн эдийн гэмтэл. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа өдрийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдөх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын ивэрхий үүссэний шинж юм.
  • Хазайж, тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй   болгох нь радикулитын бас нэг шинж байдаг.
  • Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр удаан хугацаагаар өвдөх нь   хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.

Зөв эмчилгээ хийж, гам , дэглэм барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Уламжлалт анагаах ухааны аргаар чийг хүйтнийг арилгаж сувгийг бүлээцүүлж цусны тамирыг сайжруулж бөөрний тамирыг тэтгэх, нэмэх аргаар зүү эмчилгээ хийх,  бариа засал, дасгал хөдөлгөөн үр дүнтэй.

Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ.

Гүзээлэх тусам ууц нуруу өвдөх нь ихэснэ

Хэт их таргалж , гэдэс томорч, үүнээсээ болж унжих явдал элбэг тохиолддог. Хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг байна. Тэрхүү холбоосууд нь аажимдаа сунаж татаж нуруунд нэмэлт ачаалал өгсөнөөр ууц нуруугаар хүчтэй өвдөж эхэлдэг байна. Хүн эгц шулуун байдалд байхын тулд нурууныхаа булчингуудыг өөрийн эрхгүй үргэлж чангалж байдаг. Ийм үед зөвхөн ууц нурууны өвдөлтийг эмчилбэл түр зуур намжих ч өвчин үүсгэж буй шалтгаан арилаагүй бол удалгүй өвдөлт дахин сэргэдэг байна. Тиймээс та өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд барих нь эмчилгээний гол арга юм.